Monday, October 15, 2012

Үнэгүй програм хангамжууд

Үнэгүй програм хангамжууд

kt_n_unegui-SW-1_0037Үнэгүй програм хангамжууд үргэлж анхаарлын төвд байдаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд үнэгүй хэмээх тодотголтой мөртлөө маш сайн програмууд их гарах болсон. 7-zip, Winamp, Gaim, Linux гэх мэтээр дурдаад байвал дуусахгүй билээ. Ингээд маш их нэр хүндийг олж байгаа үнэгүй програмуудын тухай мэдэж авцгаая.
Монголд бараг бүх л програм үнэгүй шахуу байдаг. Тиймээс та бид үнэтэй үнэгүйг нь ч бараг ялгадаггүй юм. Гэхдээ учир мэдэх хүмүүс та бид буруу замаар яваад байгааг эрхбиш ойлгодог юм.
      Харин оюуны өмчийг хулгайлах асуудал нь хурцаар тавигддаг барууны орнуудад үнэгүй програм хангамжууд онцгой ихээр анхаарал татдаг. Тэгэхээр энэ байдлыг ашиглан зарим програмууд үнэгүй болох замаар бусдын хэрэглэгчдийг булааж байгаа юм. Энэ нь ч та бидэнд ямар хамаа байхав. Харин үнэгүй мөртлөө сайн програм л чухал шүү дээ.
        Ер нь бол ихэнх програмууд нь тодорхой төлбөртэй байдаг. Төлбөр авч байгаа болохоор нилээд олон үйлдлүүдийг чадварлаг гүйцэтгэх боломжтой байдаг. Түүнчлэн хэрэглэгчийн санал гомдлыг сонсох, програмаа сайжруулах тал дээр төлбөртэй програмууд хамаагүй илүү байдаг. Гэвч сүүлийн үед тухайн үйлдэл, зорилгоо маш сайн биелүүлж чаддаг үнэгүй програм хангамжууд маш их гарах болсон.
       Үнэгүй програмууд сүүлийн жилүүдэд онцгой ихээр бүтээгдэх болсон бөгөөд энэ хирээрээ ч хэрэглэгчдийн анхаарлыг зүй ёсоор татах болсон юм. Учир нь үнэгүй болох замаар нэгэнт орон зайгүй болсон програмууд оршин тогтнох замаа хийж байгаа юм. Үнэндээ интернэт дээр үнэгүй програмууд хэдэн мянгаараа байдаг. Үнэгүй програм нь үнэгүй учраас танд чанарын баталгаа өгдөггүй. Та өөрөө эрсдэлээ хүлээгээд л програмыг ашиглах ёстой. Бас танд хэн ч програмыг ашиглах тухай зааварчилгаа өгч, сургалт зохион байгуулах албагүй. Та тэр програмыг өөртөө ашигтайгаар хэрэглэх эсэх тань таны өөрийн л хэрэг. Танд хэн ч албадаж ятгаагүй бөгөөд та өөрөө л хүссэн учраас тэр програмыг хэрэглэж байгаа юм. Хэрвээ та үнэгүй програмыг хэрэглэж байгаад янз бүрийн төвөгтэй байдалд орвол та өөрөө л хариуцлагыг нь хүлээх ёстой. Жишээ нь Устгасан файл сэргээдэг үнэгүй програм ашиглаж байгаад дискээ тэр чигт нь эвдчихвэл одоо яая гэхэв. Та гомдол гаргах эрхгүй юм. Тэгэхээр үнэгүй програм хэрэглэнэ гэдэг нь бас ч тийм баярламаар зүйл биш ажээ.
         Ийм ноцтой шалтгааны улмаас бизнесийн томоохон байгууллагууд үнэгүй програм хэрэглэхээс байнга зайлсхийдэг билээ. Үнэгүй бас тэгээд нүх сүв ихтэй програм ашиглаж байгаад бүх бизнесийнхээ нууц, төлөвлөгөө, мэдээллийг алдвал яана.
          Гэхдээ сайн үнэгүй програмууд бий. Үүнийг та маш туршлагатай бол, эсвэл олон жилийн турш хэрэглэж байж мэднэ. Эсвэл Компьютер Таймс сэтгүүлийн CD дээрээс та сайтар шалгагдсан, хэрэгцээ шаардлагыг дажгүй хангадаг үнэгүй програмуудыг олж авах болно.
          Энд дурдагдах маш сайн хэмээгдэх үнэгүй програмуудын жагсаалтыг гаргахад үнэндээ амаргүй ажил юм. Үүнийг бий болгож баталгаажуулахын тулд интернэт дээрх олон мянган хэрэглэгчдийн саналыг авах, туршиж үзэх ёстой болох нь гарцаагүй. Бас дэлхийн олон сая интернэт хэрэглэгчдээс өөрийн хэрэглэх дуртай үнэгүй програмынхаа нэрийг хэлнэ үү гэхэд л маш сайн жагсаалттай болох боломжтой.
           Энд дурдагдах програмууд нь өдөр тутам дэлхий даяар хэрэглэгддэг хал үзэж халуун чулуу долоосон програмууд гэдэгт та бүү эргэлзээрэй. Үнэгүй програмууд нь програм хангамжийн бүхий л салбарт өргөн тархжээ. Фото засварлах, DVD бичих, өгөгдлийн сан, програмчлалын систем, халдлага илрүүлэх, VoIP буюу интернэтээр утсаар ярих, тэр байтугай үйлдлийн систем хүртэл бий. Салбар болгоны хамгийн сайн програмуудыг та эргэлзэхгүйгээр хэрэглэж болно. Тэрээр таны шаардлагыг бат сайн хангах болно. Баталгааг нь Компьютер Таймс сэтгүүл гаргаж байна.
           Үнэгүй програмуудын бас нэг онцлог бол тэдгээрийн зарим нь үнэгүйн сацуугаар Open Source буюу Нээлттэй эхтэй байдаг. Өөрөөр хэлбэл та хүсвэл уг програмыг хөгжүүлэлтэд нь оролцоод програмыг сайжруулах, зохиоход хүчин зүтгэж болно. Та SourceForge (www.sourceforge.net) хэмээх алдартай сайтаас нээлттэй эх бүхий мянга мянган програм зохиох төслүүдийн талаар бүхий л мэдээллийг авах боломжтой. Гэхдээ та хамаагүй үнэгүй програмуудыг татаж авч хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь зарим нь үнэгүй нэрээр халхавч хийн төрөл бүрийн өт, вирус, тусгай зориулалтын хулгайч програм, коднуудыг хэрэглэгчийн компьютерт нууцаар суулгахыг оролддог юм.
SECURITY БУЮУ ХАМГААЛАЛТ
Avast! 4 Home Edition   www.avast.com
Маш аятайхан хийцтэй, арьсыг нь сольж болдог энэ програм нь маш өндөр хүчин чадалтай media тоглуулагч шиг л харагдах ажээ. Тэгээд ч үүнийг хальт хараад вирусийн эсрэг програм гэхэд үнэндээ хэцүү юм. Гэвч тэрээр үнэхээр вирусийн эсрэг програм юм шүү. Файлд хандахад тэр файл вирустсэн эсэхийг шинжиж чаддаг. Дажгүй аятайхан ажиллагаатай энэ програм malware-ыг илрүүлэхдээ гаргуун. Boot хийх үеийн шинжилгээ нь салж өгдөггүй зэвүүн Boot вирусийг устгах боломжийг олгодог. Тэрээр 64 биттэй зохицож ажиллах чадвартай.
AVG Anti-Virus Free Edition
free.grisoft.com
        Энэ програм нь өөрийн дэлгэцийг Control Center (Удирдлагын Төв), Test Center (Туршилтын Төв) болгон 2 хуваадаг. Ингэж 2 хуваах нь жаахан тохиромжгүй мэт санагддаг юм. Гэвч энэ програм файлыг шинжлэх чадвартай, цагийн хуваарьтай. Бас ирж байгаа болон гарч байгаа э-шууданг шинжилнэ. Grisoft-ын хэлснээр тэрээр Vista үйлдлийн систем дээр саадгүй бүрэн ажиллана гэнэ.
Comodo Firewall www.comodogroup.com
          Хэрвээ та үнэгүй мөртлөө маш сайн Firewall буюу ГалтХана програм хайж байгаа бол сонголт тань энэ байна. Comodo Firewall нь интернэт болон дотоод сүлжээний оролт гаралтыг гайхалтай сайн хянаж чаддаг. Түүнийг байхад барагтай л бол програмууд таны зөвшөөрөлгүйгээр сүлжээнд нэвтэрч бас гадагшаа хандаж чадахгүй. Түүний бас нэг онцгой чадвар нь түүнийг таны зөвшөөрөлгүйгээр хаах, тасалдуулах боломжгүй юм байна. Тэрээр үнэтэй үнэгүй бусад ГалтХана програмуудыг бодвол маш сайн ажиллаж байгаа гэсэн үнэлгээг нийт хэрэглэгчдээс авсан байна.
McAfee SiteAdvisor  us.mcafee.com
           Сүүлийн үеийн вэб сайтууд нь програмчлагдах боломжтой болсныг та мэднэ. Та ямар нэгэн вэб сайт руу ортол түүн дотор нууц код байгаа юм биш биз? Вэб доторх хэсэг код таны компьютерт хадгалагдаж байгаа нууц үгнүүд, санхүүгийн баримтуудыг хулгайлах боломжтой юм шүү дээ. Тэгэхээр үүний эсрэг тэмцэх шаардлага бас л сүүлийн үед урган гарах болсон. McAfee фирмийн Site¬Advisor програм нь таны зочилж байгаа вэб дотуур тэнээд тусгай нууц код, сэжигтэй үйлдэл байгаа эсэхийг шалгах болно. Хэрвээ таны зочилсон вэб хуудсанд програм тань Улаан Туг үзүүлж байвал та энэ сайтыг шууд орхихыг зөвлөж байна. Харин Google мэтийн албан ёсны томоохон хайлтын системүүд нь өөрийн хайлтаар гарч ирэх бүхий л линкүүддээ баталгаа олгодог болохоор та хайлтаар гарч ирсэн сайтыг заавал шалгах гэхийн хэрэггүй юм.
SpyCatcher Express  www.tenebril.com
              Энэ програмыг шалгаж үзэхэд санаснаас өндөр амжилт үзүүлж гайхалтай сайхан ажилласан юм шүү. Тэрээр нэгэнт халдварласан хулгайч програмуудыг илрүүлэхийн сацуу цаашид халдварлахаас хамгаалж байлаа. Энэ програм нь үнэгүй бас үнэтэй гэсэн 2 хувилбартай. Гэхдээ үнэгүй нь шаардлагатай ихэнх үйлдлүүдийг өөртөө агуулсан нь олзуурхууштай явдал биш гэж үү?
StartupMonitor  www.snpsoftware.com
           Windows эхлэх үед танд мэдэгдэхгүй хичнээн олон үйл явдалд болдог гээч. Бөөн бужигнаан болдог юм шүү дээ. Тийм учраас л он удаан жил болсон Windows ачаалагдах гэж аймшигтай уддаг юм. Яагаад гэвэл асар олон жижиг бөгөөд хулгайч програмууд зарим нь ачаалагдах гээд л, зарим ачаалагдсан хойноо ажилласан дээрээ гэсэн шиг элдэв бусын үйлдлүүд хийгээд л, зарим азгүй програмууд нь install буюу өөрийгөө суулгах гэж оролдоод л.. Ингэж ингэж нэг юм сая намддаг. Хэрэглэгчид компьютерийнхаа удааныг нь л гайхахаас биш ийм зэвүүн юм болоод байгаа тухай юу ч мэдэхгүй. Зарим програмууд бие биенийгээ шахах гэхийг нь хүртэл яана гээч. Тэгвэл StartupMonitor буюу Эхлэлийн Ажиглалт хэмээх энэ програм нь Windows эхлэх үед юу болоод байгааг танд нэг нэгэнгүй мэдэгдэх болно. Та эндээс дүгнэлт хийн цаашдаа яах ёстойгоо шийдэх ёстой юм уу даа.
SuperStorm Freeware  www.thegreatpuzzle.com/super¬storm.php
       Танд онцгой нууцалмаар файлууд байдаг л биз дээ. Найз залуугийн тань нууц эротик зургууд, чухал баримт бичгүүд, гэрээ хэлэлцээрүүд гээд л юу эсийг тоочиж болох билээ. Тэгвэл эдгээр файлыг нэгмөсөн далд газар хийх үүргийг энэхүү Su¬perStorm хэмээх програм хүлээнэ. Гэхдээ үнэгүй хувилбар нь ганц нэг хязгаарлалттай нь харамсалтай. Таны нууцлах файлын хэмжээ 200KB-аас хэтрэх ёсгүй. Харин худалдаж авсан хувилбар дээр ийм хэмжээний хязгаарлалт байхгүй бөгөөд бас нууцлахдаа тодорхой нууц үгээр түлхүүр кодлогч хийж болно. Энэ програм нь юуг л бол юу нууцалж чадна. Нууцлах арга нь хэний ч толгойд оромгүй, онц сонин юм. Таны файлыг ямар нэгэн Jpeg зураг дотор нуух бөгөөд тэрхүү балай зурган дотор ямар нэгэн файл байна гэж хэний ч толгойд орохгүй шүү дээ. Нуусныхаа дараа эх файлыг устгаад л ул мөрөө бүрэн цэвэрлэчихдэг гэж байгаа.
Windows Defender  www.microsoft.com
        2 жилийн өмнө Microsoft компани нь Defender хэмээх технологийг худалдан авсан байна. Defender гэдэг бол монголчилбол Хамгаалагч/Өмгөөлөгч гэсэн үг юм. Даанч энэ програм нэртэйгээ адил өндөр үр дүн үзүүлэхдээ тийм ч сайн биш. Энэ програмын үндсэн зорилго нь нуугдаж шигдсэн spyware/хулгайч програмуудыг олж илрүүлэн устгах явдал юм. Гэвч системээс хулгайчдыг зайлуулахдаа жаахан хангалтгүй. Харин тэрээр бүрэн үнэгүй бөгөөд Vista үйлдлийн системд саадгүй ажиллана.
ZoneAlarm www.zonelabs.com
        Энэ програм нь ГалтХана гэдгийг ихэнх хэрэглэгчид маань мэдэж байгаа биз ээ. ГалтХана програмууд дотроо маш өндөр нэр хүндтэй. Гэвч үнэгүй хувилбар нь нилээд олон боломжуудыг хасчихсан нь харамсалтай. Харин та Pro хувилбарыг худалдан авбаас түүнийг бүрэн хүчин чадлаар нь мэдрэх болно. Гэхдээ л үнэгүй хувилбар нь ГалтХана-гүй байсанд орвол хамаагүй дээр гэдэг нь ойлгомжтой.
БҮТЭЭЛЧ ПРОГРАМУУД
EditPad Lite  www.editpadrpo.com
       Windows-ийн Notepad програмыг компьютер хэрэглэгч бүх хүн мэдэх нь гарцаагүй. Түүний цорын ганц давуу тал бол Windows үйлдлийн системд цаанаасаа суучихсан ирдэг нь л юм. Бас тэгээд Unicode дэмждэгийг нэмж хэлэх хэрэгтэй. Өөр онцгой гойд юм түүнд огт байхгүй. Харин EditPad Lite бол энэхүү програмыг зүйл бүрээр засан сайжруулсан editor буюу засварлагч програм юм. Тэрээр tab буюу хавтсан интерфэйстэй, олон файлтай зэрэг ажиллах, мөр дугаарлах, автомат догол гаргах, хуудасны тодорхой хэсгийг хэвлэх гэх мэт боломжуудтай. Харин EditPad Pro нь 49$-ын үнэтэй бөгөөд бүр олон нэмэлт боломжуудыг суулгаж өгсөн нь тодорхой. Pro дээр үг үсгийн алдаа шалгах, синтакс шалгах гэх мэтийг та эдлэх болно.
Notepad++   notepad-plus.sourceforge.net
          Notepad++ програм нь EditPad Pro-ийн бараг ихэнх үйлдлүүдийг хийж чаддаг гайхалтай програм билээ. Програмын интерфэйс нь илүү гоёмсог, энгийн, source code засварлах боломжууд, макро бичих, синтакс өнгө өгөх, 40 програмчлалын хэлээр алдаагүй зөв бичих боломжийг олгодог. Үнэхээр мундаг програм байгаа биз. Мэргэжлийнхний ганц ашигладаг editor гэхэд хилсдэхгүй.
OpenOffice.org www.openoffice.org
         Хэрвээ та Microsoft-ийн Office програмыг хэрэглэдэг бол энэ багц програмуудыг хэрэглэж үзэхийг зөвлөж байна. OpenOffice програм нь үнэгүй бөгөөд нээлттэй эх бүхий програм юм. Microsoft Office-д байдаг Word, Excel зэрэг чухал хэрэгцээтэй програмууд бий. Бас үзүүлэн бэлтгэх (PowerPoint), диаграмм зурах (Vi¬sio), өгөгдлийн сан (Access)-ийн програмууд бий. OpenOffice-той байхад та бичиг хэргийн бүхий л хэрэгцээгээ хангаж чадна. Энэ удаагийн CD дээр энэ багцыг өгсөн байгаа. Монгол хэл дээр орчуулгатай гэдгийг анхаараарай. Монгол хэл рүү хөрвүүлсэн USI-ийн компанийн хамт олонд баярлалаа.
SQL Manager Lite www.sqlmanager.net
        Өгөгдлийг зохион байгуулах, өгөгдлийн сантай ажиллах маш сайн багаж, програм юм. SQL Manager програмын хамгийн гол онцлог бол MySQL, PostgreSQL, SQL Server, Inter¬base/Firebird зэрэг ихэнх баазуудтай ажиллаж чаддаг билээ.
WordPress www.wordpress.org
       Blog буюу хувийн нийтлэл, өдрийн тэмдэглэл бичихэд бэлэн үү? Тэгвэл энэ талдаа хамгийн хүчирхэг WordPress програмыг ашиглаад үзээрэй. Word¬Press-ийг өөрийн компьютер дээрээ Сервер маягаар суулгаад л wordpress.com сайт руу автоматаар блогоо бичээд байж болно. Мэдээж блогоо гоё харагдуулах ихэнх шаардлагатай багаж хэрэгслүүдийг өөртөө агуулсан.
БАГАЖУУД ба КОМПЬЮТЕР УДИРДАХ
AllChars allchars.zwolnet.com
           Зарим програмууд дээр гадаад тэмдэгтээр бичихэд хүндрэлтэй байдаг. Тэгвэл энэ програм нь асуудлыг шийдэх болно. Дурын програм дээр монголын ө, ү, с, ь гэх мэтийн өвөрмөц тэмдэгтүүдийг гаргахад хэрэглэгдэнэ. Баруун Ctrl товчийг дарж байгаад л үсгээ дарах хэрэгтэй. Мэдээж аль товчин дээр ямар тэмдэгт гаргахыгаа та зааж өгнө.
AnalogX MaxMem www.maxmem.com
                Ер нь үйлдлийн систем нь санах ой дүүрснээс болж удаашрах, Restart хийх шаардлагатай болдог. Тэгэхээр санах ойгоо хүчээр цэвэрлэж, чөлөөлж байх нь ихээхэн чухал алхам юм. Үүнийг жинхэнэ мэргэжлийнхэн л хийдэг байсан бол одоо ингээд та ч гэсэн маш чухал энэхүү үйлдлийг хийх боломжтой болж байна. Зарим муу хийгдсэн програмууд хаагдах үедээ өөрийгөө санах ойгоос бүрэн чөлөөлж чадахгүй, алдаа өгөх, гацах явдал тулгардаг. Ингээд л таны нүдний цөцгий шиг гамнах учиртай санах ойд шавар хаагаад үүрд үлдэх болно. Харин энэ програм нь иймэрхүү шаврын хаалтуудыг олж цэвэрлэх үүрэгтэй. Ганцхан товч дараад л гүйцээ. Дунджаар 1/3 зайг гаргаж ирж чаддаг нь гайхалтай биш гэж үү.
AutoHotKey www.autohotkey.com
            Нээлттэй эх бүхий энэ програмыг ашиглаад та байнга давтагддаг үйлдлүүдээ гарын товчны комбинацад оруулах боломжтой. Хэрэглэгч өөрөө Script үүсгэх боломжтой. Хэрвээ та script үүсгэх тал дээр туршлагагүй бол бусад хүмүүсийн үүсгэсэн мянга мянган Script байгаа тул санаа зоволтгүй. Жишээ нь та зөвхөн зурагтай ажилладаг байлаа гэхэд Photoshop-ыг нээхээс эхлүүлээд л бүхий л үйлдлүүдээ Script-эд оруулаад үүнийгээ ганцхан товч дарснаар хэрэгжүүлж болох нь байна шүү дээ. Ctrl+L дарангуут Photoshop нээгдээд л тэгснээ автоматаар таны ажилладаг хавтсыг онгойлгон зургаа сонгохыг санал болгож болох юм.
Clipomatic www.mlin.net
          Тэрээр clipboard буюу түр санах ойн өргөтгөл програм юм. Одоогийн clipboard нь текст, зураг зэргийг дамжуулж чадах боловч бүгдийг бол чадахгүй. Харин Clipomatic нь бүгдийг дамжуулдаг болоход чухал үүрэг гүйцэтгэнэ.
eCleaner eCleaner.tripod.com
          Зарим үед элдэв формат дундаас зөвхөн текстийг ялгаж авах шаардлага гарч болох юм. Жишээ нь Relpy бүхий мэйл нь > тэмдэгтийг өмнөх текстийн мөр болгоны өмнө нь тавьсан байдаг шүү дээ. Эдгээр тэмдэгтийг олж устгах нь бөөн төвөг юм. Ганц энэ ч биш, вэб хэлэлцүүлэг болон бусад текстийг вэб дээрээс хуулахад элдвийн тэмдэгтүүд орж ирэх нь түгээмэл юм. Тэгвэл eCleaner програм нь эдгээр тэмдэгтүүдийг шууд л устгаж орхино. Ингээд л та цэвэрхэн сайхан тексттэй хоцрох юм шүү дээ. Програм нь жаахан болхидуу боловч ажиллагаагаа маш сайн гүйцэтгэдэг.
FileZilla filezilla.source¬forge.net
           Энэ бол FTP клиент програм юм. Secure FTP, SSL болон бусад бүхий л протоколуудыг дэмжихээс гадна маш аятайхан интерфэйстэй, мэдээж файл менежер, сайт менежерүүдтэй. Тун дажгүй ажиллагаатай гэж ойлгож болно.
Foxit Reader www.foxitsoftware.com/pdf/rd_intro.php
            Adobe Acrobat програмыг одоо үед хүн болгон л мэддэг болоо биз дээ. Тэрээр алдарт PDF файлыг уншдаг шүү дээ. Түүний ганц дутагдалтай тал нь жаахан удаан, болхидуу байдаг. Тэгвэл энэ байдлыг шийдэх гэж оролдсон Foxit Reader хэмээх програмтай танилцагтун. Тэрээр бүхий л PDF файлыг хурдан түргэн, саад багатай уншдаг юм байна.
Gaim gaim.sourceforge.net
          Gaim бол ихэнх чат үйлчилгээнүүдийг өөртөө агуулсан, нилээд супер програм билээ. Google Talk, AIM, ICQ, MSN Mes¬senger, Yahoo!, IRC, Jabber, Gadu-Gadu, SILC, Novell Group Wise Messen¬ger, Lotus Sametime, Zephyr зэргийг бүгдийг дэмжиж чадна. Үнэхээр супер байгаа биз. Та эдгээр үйлчилгээнүүдэд бүгдэд нь хэрэглэгчийн эрхтэй байлаа гэхэд ганцхан програм таны бүхий л шаардлагыг хангаж чадна. Урьд нь бол бүх програмуудыг нь тусад нь суулгах шаардлагатай байсан юм шүү дээ. Өөрөөр хэлбэл та Yahoo-ийн найзтайгаа чатлах явцдаа AIM-ын нөхөртэйгөө Voice-оор ярилцаж болно гэсэн үг.
Google Desktop desktop.google.com
          Google Desktop бол таны компьютер дах бүхий л мэдээллийг индекслэн цуглуулж байдаг. Та ганцхан үг бичээд л хайлтыг ер бусын амархан явуулж чадна. Яг л Google-ын алдарт хайлтын систем таны компьютерт ороод ирнэ гэсэн үг. Түүнчлэн тэрээр маш олон нэмэлт програмуудтай. Цаг агаар, шинэ мэдээ харуулах гээд л ямар ч зориулалттай байж болно.
Mozy www.mozy.com
         Mozy бол нөөцлөх зориулалттай вэб үйлчилгээ юм. Үнэгүйгээр танд шууд л 2GB эрх өгөх болно. Харин сарын 5$ төлснөөр 30 GB эрхтэй болж болно. Танд хэзээ ч устгаж болохгүй нууц програмууд, эх файлууд, гэрээ хэлцэл, дуу хуур, видеонууд байдаг уу? Тэгвэл бушуухан шиг Mozy дээр эрх нээгээд тэдгээр файлуудаа хуулаарай. Ширээн дээрх компьютер шиг хэврэг эд байдаггүй юм шүү. Нэг тог тасраад л ирэхэд таны хатуу диск огт ажиллагаагүй болчихвол яана, эсвэл хулгайч хатуу дискийг чинь нухчихвал яана. Харамсаад харамсаад барахгүй юм болно шүү. Харин Mozy дээр хуулаад тавьчихсан байхад сэтгэл амар байж болно. Mozy-оос тогтмол ирэх захианд бүртгүүлчихвэл танд байнга сануулах бөгөөд жижигхэн үйлчилгээний програмыг татан авч суулгавал тэрээр автоматаар таны зааж өгсөн хавтсыг сервер рүүгээ илгээж байх болно. Гоё байгаа биз. (Компьютер Таймс сэтгүүлээс сайшаав.)
MWSnap www.mirekw.com/winfreeware/mwsnap.html
         Энэ бол Windows-ийн дэлгэцийн зургийг авдаг програм юм. SnagIt шиг супер биш ч гэсэн ихэнх зүйлсийг нь чаддаг тун дажгүй програм билээ.
PopTray www.poptray.org
       PopTray бол мэйлийн л програм юм. Мэдээж POP3, IMAP эрхийг дэмжинэ. Түүний гол давуу тал бол хэнд ч гай болохгүйгээр хөнгөхөн гэгч нь системийн Tray (баруун доод булан) дээр байрлах бөгөөд шинэ мэйл ирэхийг хүлээж байдаг. Мэдээж шинэ мэйл ирэнгүүт танд мэдэгдэх болно. Та мэйл ирснийг тэр дор нь мэднэ гэсэн үг.
RoboForm www.roboform.com
          Хэрэглэгч хүн вэб дээр аялж байхдаа нилээдгүй удаа төрөл бүрийн мэдээлэл бөглөх шаардлагатай байдаг. Тэгвэл энэ ажиллагааг чинь хамгийн аюулгүй бөгөөд найдвартайгаар таны өмнөөс хийж өгөх болно. RoboForm нь таны хэрэглэгчийн нэр, нууц үг, кредит картын дугаар зэрэг мэдээллүүдийг таны өмнөөс бөглөнө гэсэн үг. Үнэгүй хувилбар нь 10 хүртэлх эрхийг хадгалах бол 30$-оор Pro хувилбарыг аваад хязгааргүй эрх сануулж болох юм.
Tweak UI www.microsoft.com/windowsxp/downloads/powertoys/xppower¬toys.mspx
         Tweak бол XP дээр суугаад таны дэлгэцийг гоёмсог болгох зорилготой програм юм. Start цэс, Taskbar зэргээ гоё болгоод Windows руугаа автоматаар орчихдог болбол дажгүй биш гэж үү.
Ultimate Boot CD for Windows www.ubcd4win.com
        Энэ програмыг ашиглаад windows бүхий Boot CD үүсгэж болох юм байна. Дискэн дээр антивирус, anti¬spyware, диск засах багаж гэх мэт хэрэгцээт зүйлс их бий.
WinMerge www.winmerge.org
       WinMerge бол програм зохиогчдод онцгой хэрэгцээтэй програм юм. Код ихсэх тусмаа л хүндрэлтэй болж эхэлдэг. Туршлагатай кодчид бол өмнөх кодондоо засвар оруулахын өмнө заавал нөөц үлдээдэг билээ. Оруулсан засвар буруудлаа гэхэд хаана засвар оруулснаа мэдэхэд хүндрэлтэй болно. Ингээд л өмнөх нөөцтэйгөө харьцуулах шаардлага гарна даа. WinMerge нь хоёр файл эсвэл хавтсыг харьцуулах гайхалтай үйлчилгээтэй програм. Ялгааг нь танд маш сайхан тод томруунаар харуулах болно. Та ядах юмгүй ялгааг нь олох эсвэл хооронд нь ижилсүүлж болох юм.
WinBrowse www.ngthomas.co.uk
      WinBrowse бол файлуудыг үзэх зориулалттай ихээхэн мэргэжлийн маягийн програм юм. Windows Ex¬plorer гэсэн үг л дээ. Мэдээж илүү сонирхолтой боломжуудыг танд санал болгох нь тодорхой. Маш хурдан, илүү дутуу юмгүй ажиллагаа нь түүний гол давуу тал юм.
Yahoo! Desktop Search desktop.yahoo.com
        Системийнхээ бүхий л зүйлсийг индекслэхийг хүсэж байвал Ya¬hoo Desktop Search үйлчилгээг ашиглаарай. Эрэмбэлэх, ангилах гэх мэт олон гайхамшигт үйлдлүүдийг ядах юмгүй гүйцэтгэнэ. Нэгэнт индекст орсны дараа та ганц үг бичээд л хүссэн файл, имэйлээ олох боломжтой.
ДУУ ХӨГЖИМ
Audacity audacity.sourceforge.net
       Сурахад ядах юмгүй энэ програм нь аудиог үүсгэх, засварлах, бичих боломжтой гайхалтай хүчирхэг билээ. Windows, Linux, Mac үйлдлийн системүүд дээр ажиллах бөгөөд бараг бүх л файлуудыг нээж чадна. Ogg, Mp3, Aiff, Au, Wav. Бас түүнд маш олон дууны эффектүүд бий. Маш урт дуутай саадгүй ажилладаг нь бас л нэг давуу тал нь юм.
Media Monkey www.mediamonkey.com
       Энэ бол дуу хууртай холбоотой бараг бүхий л зүйлсийг чаддаг үнэхээр чадалтай програм юм. Дижитал дуунуудыг тоглуулах, зохион байгуулах, удирдах, CD дээр бичих, хөрвүүлэх зэрэг үйлдлүүдийг хийж чадна. Автомат DJ, сан болгох гэх мэт боломжуудтай. Үнэгүй стандарт горим нь ихэнх боломжийг олгох боловч MP3-аар кодлох, CD дээр хурднаар бичих боломжгүй нь харамсалтай. Харин Gold хувилбар нь 20$-ын үнэтэй юм байна.
dBpowerAMP Music Converter www.dbpoweramp.com
        Энэ бол бас л бүхнийг нэг дор гэсэн зорилготой програм юм. Дуунуудыг хөрвүүлэх, CD рүү бичих, CD-нээс бичлэг хийх чадвартай. MP3, MP4, M4a, WMA, OGG, AAC, APE, FLAC, Apple Lossless болон бусад төрлүүдийг дэмжинэ. Дууны файл дээр хулганын солгой товчийг дараад л цэсэн дээрх Convert it командыг дараад л болоо.
CDex sourceforge.net/projects/cdexos
         Бараг бүхий л ховор кодекуудыг агуулсан CD хөрвүүлэгч програм юм. Ховор байдаг LAME MP3, MP2, APE, WMA, VQF, FAAC зэргийг дэмжинэ.
ВИДЕО ба ГРАФИК
DVD Shrink www.dvdshrink.org
         DVD хувилах маш сайн програм билээ. Танд ховор нандин DVD бүхий бичлэг байдаг бол энэ програмыг ашиглаад хялбархнаар түүнийгээ хувилж болно шүү дээ. Програм бичихдээ шахсан горимоор бичиж чаддаг нь бүр гайхалтай юм.
Gallery 2 gallery.menalto.com
        Хэрвээ та ямар нэгэн вэб сайт удирддаг бол энэ програм танд заавал хэрэг болно. Компьютер дээрээ байгаа бүхий л фотонуудыг энэ програмыг ашиглан эмхэлж цэгцэл. Тэгээд энэ альбомоо тэр чигт нь вэб рүүгээ тавьж болно. Үүнийг програм чинь гүйцэтгэх болно.
GB-PVR www.gbpvr.com
       Видео бичлэг хийх зориулалттай програм юм. Автоматаар, цагийн хуваарийн дагуу бичлэг хийдэг. Жишээ нь танд TV карт байгаа бол долоо хоног бүрийн Баасан гаригт 20:00 цагаас MN25 телевизийн бичлэгийг 30 минутын хугацаатай хий гэсэн командыг оруулж болох юм. Гоёмсог арьстай, энгийн интерфэйстэй, нэмэлт олон plug-in-тэй, дажгүй програм билээ.
GIMP www.gimp.org
       Энэ бол Photoshop биш боловч үнэгүй програмууд дотроо үнэхээр хүчирхэг фото зураг янзлах зориулалттай програм юм. Нээгээд харахад яг л Photoshop шиг програм харагдана даа. Гэхдээ мэдээж Photoshop-оос юм юмаараа дутмаг боловч энгийн хэрэглээнд бол хангалттай юм. Хамгийн гол нь энэ програм үнэгүй шүү дээ. Яваандаа маш хүчирхэг болж мэдэх л юм.
Google SketchUp  sketchup.google.com
       3-н хэмжээст объект бүтээх зориулалттай програм юм. Маш хурдан, аятайхнаар объект бүтээх шаардлага гарсан бол энэ програмыг ашиглаад үз. Хэт нүсэр биш, энгийн хийцтэй бөгөөд бусад 3D програмуудыг бодвол хялбархан билээ.
IrfanView www.irfanview.com
      Бараг бүхий л зургуудыг үзүүлж чадна. Хамгийн гол нь тэрээр зургийг их хурдан ачаалж, төвөг багатайгаар харуулах үндсэн зорилготой. Бас нэг онцгой чадвар нь зургийг өөр форматаар хадгалах боломж юм. Зураг үзэх үндсэн програмаа болгочихсон байхад буруудахгүй л програм даа.
Picasa 2.0  picasa.google.com
      Google компаниас гаргасан бас нэгэн үнэгүй багаж. Энэ бол фото зургуудаа удирдах дажгүй сайн програм билээ. Багцлах, эрэмбэлэх, ангилах, хураах гэх мэт үйлдлүүдийг хөнгөхнөөр гүйцэтгэнэ гээч.
QuickTime Alternative and Real Alternative www.codecguide.com
       QuickTime болон Real Player-ийн видеонууд интернэтээр дүүрэн байдаг. Гэтэл хэрэглэгчид эдгээр олон тоглуулагчдыг зэрэг суулгана гэхээр асуудалтай. Яах вэ, хариулт нь аль алиныг тоглуулж чадах тоглуулагч олж суулгах явдал юм.
VLC media player www.videolan.org
        Хамгийн сүүлд гарсан VLC тоглуулагч нь бараг л бүх төрлийн media файлуудыг тоглуулж чадах болжээ. Энэ бол гайхамшиг биш гэж үү. Дуу, видео юу л байна, энэ програм нухчихна. Интерфэйс нь энгийн, хөнгөхөн хийцтэй. Тэгэхээр үүнийг сүүлийн үед хүмүүс компьютер дээрээ суулгах нь бүр их болж байгаа билээ. Ганцхан Real Media-г л ажиллуулж чаддаггүй гэсэн.
Winamp www.nullsoft.com
        Winamp-ыг монголчууд тэр аяараа мэднэ дээ. Энэ бол Time War¬ner компанийн эзэмшдэг үнэгүй хөгжим тоглуулагч програм шүү дээ. Монголчуудын хувьд бол ёстой л толгой дараалан компьютерууд дээр суусан байгаа. Тэрээр бас л төрөлдөө маш сайн програмын нэг бөгөөд ихэнх дууны файлуудыг чөлөөтэй ажиллуулж чадна. Нэмэлт маш олон боломжуудтай нь түүний гол давуу тал юм.
FIREFOX-ын ӨРГӨТГӨЛҮҮД
Adblock Plus adblockplus.org
        Одоо үед ихэнх вэбүүд дээр уйтгар гунигийн туйл болсон реклам бүхий баннерууд чамгүй их зайг эзлэх болсон нь хэнд ч ил. Эдгээр баннерууд нь дуутай, хөдөлгөөнтэй байдаг учраас вэбээсээ ч их зай эзэлж мэднэ. Тэгэхээр таны интернэт урсгалын чамгүй хэсгийг эдгээр рекламууд эзэлж байгаа юм. Харин adblock хэмээх энэхүү өргөтгөл нь Firefox-той сайхан хамтран ажиллах бөгөөд вэбийг шинжлэн рекламын баннеруудыг хаах зориулалттай. Тэрээр ямар нэгэн юм хаавал анивчин танд мэдэгдэх бөгөөд та хүсвэл түүнийг харж болно.
FireFTP fireftp.mozdev.org
       Таны хөтчийг шууд л FTP програм болгон хувиргах болно. Нэмэлт FTP програм ашиглахгүй хичнээн амар байх билээ. Хөтчийн интерфэйсийг 2 панельд хуваах бөгөөд мэдээж нэг л дотоод компьютерийг харуулах бол нөгөө нь алсын host-ыг харуулна. Одоохондоо Secure FTP-ийг дэмжихгүй боловч яваандаа үүнийг шийдэх нь гарцаагүй.
FlashBlock flashblock.mozdev.org
       Бас л flash анимациудыг хаах зориулалттай. Ихэнх Flash бол реклам байдаг шүү дээ. Гэтэл танд зөвхөн мэдээлэл, мэдлэг хэрэгтэй байдаг. Энэ тохиолдолд Flash хаагчийг ашиглаж болно. Flash-ийн оронд ердөө л жижигхэн сумны дүрс харагдах болно. Ингэхээр таны вэб хуудас ачаалах хурд хамаагүй нэмэгдэх болно. Мэдээж та хүсвэл flash-ийг харж болно л доо. Энэ бүхэн таны дур гэдгийг анхаараарай.
Forecastfox forecastfox.mozdev.org
      Firefox-ын statusbar буюу доод нарийхан хавтан дээр цаг агаарын мэдээг харуулсан жижиг цонх нэмэгдэх болно. Та үргэлж л цаг агаарын мэдээг мэдэх боломжтой. Агаарын температур, чийгшил гэх. Хүсвэл хэд хэдэн хотыг зэрэг нэмж болно. Мэдээллийн эх үүсвэр нь Ac¬cuweather.com гэж байгаа. Бас янз бүрийн alert буюу анхааруулга үүсгэж болно. Жишээ нь агаарын температур -20-оос доош буусан тохиолдолд анивчина гэдэг ч юмуу.
FoxyTunes Foxytunes.com
      Firefox-ийн status bar дээр жижигхээн media тоглуулагчийн удирдлагыг байрлуулах болно. Энэ нь iTunes, Windows Media Player зэрэг нийтлэг тоглуулагчдыг удирддаг юм. Та үргэлж вэбээр аялдаг бол энэ өргөтгөлийг суулгаад л вэбээсээ гаралгүйгээр тоглуулагчаа удирдах боломжтой.
Gmail Space www.getgspace.com
        Одоо үед хүмүүс Gmail үйлчилгээг их ашиглах болсон шүү дээ. Тэгвэл үүнийг ашиглаад энэ ажиллагаагаа эрс хөнгөвчлөх боломжтой.
Greasemonkey greasemonkey.mozdev.org
        Энэ нь вэб рүү зочлох үед хэрэглэгчийн бүтээсэн мянга мянган script-үүдийг автоматаар ажиллуулдаг.
MR Tech Local Install www.mrtech.com/extensions
        Энэ бол бусад өргөтгөлүүдээ удирддаг таны хамгийн түрүүнд суулгах ёстой өргөтгөл юм. Та өргөтгөл хайх шаардлагагүй болох бөгөөд энэ програм таны өмнөөс ажиллах болно.
ReloadEvery reloadevery.mozdev.org
      Энэ бол тодорхой хугацаанд вэб хуудсыг дахин дуудах (refresh) үйлчилгээтэй өргөтгөл юм. Зарим хүмүүст вэбийг тодорхой хугацаанд дахин дахин ачаалах шаардлага гардаг л юм. Жишээ нь мэдээ оруулдаг сайтад шинэ мэдээ орсон эсэхийг ингэж л мэднэ. Бас төрөл бүрийн тасалбар буюу оочер дугаар бүхий сайтууд дээр энэ ажиллагаа их хийгддэг. Rapidshare дээр та бид өөрийн ээлжийг хүлээж байхдаа хэдэн минут үлдсэнийг refresh хийснээр мэддэг шүү дээ.
RSS Editor rsseditor.mozdev.org
      Хөнгөн чанарын энэ редактор нь RSS feeds-ийг үүсгэх, засварлах боломжийг олгоно. Бүр айвхтар хүчирхэг биш боловч гол нь энгийн, найдвартай, хурдтай ажиллагаатай.
Session Manager sessionmanager.mozdev.org
        Firefox дээр олон tab буюу хуудастай зэрэг ажиллаж байгаад Firefox-оос гарах үед дараа нь эдгээр хуудсаа яаж олох вэ гэсэн хүндхэн асуудал тулгардаг. Тэгвэл энэ өргөтгөл нь энэ асуудлыг ганган шийдэж өгөх болно. Firefox-оо хаагаад дахин нээхэд өмнөх хуудаснууд бүгд автоматаар нээгдэх нь сайхан биш гэж үү.
Zotero www.zotero.org
        Номын тухай нарийвчилсан мэдээллийг өөртөө хадгална. Address bar дээр дүрс харагдах бөгөөд Amazon.com болон бусад номын сайт руу ороход мэдээллийг харж болно. Дүрс дээр дарснаар Zotero-ийн багц мэдээллийн сан руу шууд хандана.
СҮЛЖЭЭ ба ЗӨӨВРИЙН
Altiris Software Virtualiza¬tion Solution juice.altiris.com/svs
SVS-ийг ашигласнаар програмуудыг хиймлээр ажиллаж байгаа мэт эсвэл ажиллахгүй байгаа мэт болгож болдон юм байна. Програм хүчингүй болсноор тэрээр ямар ч ул мөргүй ажиллах бол хүчинтэй болгосноор жирийн болно. Энэхүү үнэгүй програмыг ашиглаж шинэхэн програм хангамжийг анх турших үедээ ажиллуулбал тун сайхан тохирох болно. Шинээр ажиллуулж байгаа програм бусад програмуудтай зөрчилдөж байгаа эсэхийг шалгах үндсэн зориулалттай.
FreeProxy
www.handcraftedsoftware.org
Нээлттэй утасгүй сүлжээнд байгаа бол таны өгөгдлийг замаас тань шинжих магадлал асар өндөр. Тэгээд ч хэрэглэгчдийн ихэнх нь Secure бус протокол ашигладаг нь зүгээр л хувцасгүй хүн гүйж байгаатай адил билээ. Иймээс FreeProxy програмыг ашиглаж өөртөө Proxy үүсгэх хэрэгтэй. Ингэснээр Hama¬chi кодлогдсон линк ашиглах бөгөөд таны дамжуулж буй бүх мэдээлэл нууцлагдах болно.
LogMeIn Hamachi
www.logmeinhamachi.com
Сүүлийн үед гэрээсээ эсвэл хаа нэг газраас оффисын компьютер руугаа шууд хандаж ажиллах явдал ихээхэн түгээмэл болох янзтай байна. Гэхдээ энд нэг асуудал байдаг нь дамжиж буй өгөгдөл тань хэр нууцлагдаж чадаж байгаа вэ гэсэн асуулт юм. Тэгвэл LogMeIn Hamachi-г ашигласнаар холбож байгаа компьютеруудынхаа дунд нууц код бүхий туннель үүсгэж болно. Ингээд л интернэт ашиглан өөрийнхөө компьютер руу дэлхийн хаанаас ч холбогдож болох нь ээ.
NetStumbler.com
www.netstumbler.com
Таны нөүтбүүк утасгүй сүлжээний адаптертай юу? Тэгвэл энд тэнд явахдаа бусдын утасгүй сүлжээнд холбогдон паразит маягаар амьдарч болно шүү дээ. Харин сүлжээг хайх асуудал жаахан төвөгтэй байдаг. Тэгвэл NetS¬tumbler програм нь 802.11b, 802.11g, 802.11a гэх мэтийн утасгүй сүлжээг илрүүлэхдээ гаргуун. Тэрээр муухан сүлжээний сигналыг хүртэл илрүүлэн танд харуулж чадна.
PowerGramo
www.powergramo.com
Та Skype-г ашиглан утсаар ярьж байхдаа бичлэг хийхийг хүсэж байна уу? Тэгвэл PowerGramo-г ашиглаарай. Ингэснээр нөгөө хүнийхээ хэлж ярьж байгааг баримтжуулах сайхан боломжтой болно. Үүнийг ам алдуулах, нууцыг нь хэлүүлэх зэрэгт хэрэглэж болно. Эсвэл та сэтгүүлч бол хүнээс ярилцлага авахдаа ашиглаж болох л юм. Харин та өөрөө Skype ашиглаж хүнтэй ярилцдаг нөгөө хүн чинь бол бичлэг хийж болох юм гэдгийг үргэлж санахад илүүдэхгүй.
Snort
www.snort.org
Snort бол урилгагүй зочдыг илрүүлэх тэдэнд садаа болдог хамгийн өргөн дэлгэр тархсан хэрэглэгддэг програм билээ. Тэрээр нээлттэй эх бүхий програм бөгөөд түүнийг сайжруулахаар маш олон чадварлаг програмчид сайн дураараа ажиллаж байна. Түүний ганц сул тал бол түүнийг ажиллуулахад танаас тодорхой хэмжээний мэдлэг чадвар шаардаж магадгүй. Гэхдээ түүнтэй олон өдрийн турш уйгагүй ажилласны эцэст түүнийг маш сайн тохируулан үр дүнтэй хэрэглэж болно.
SightSpeed
www.sightspeed.com
Видео дүрсээ харж онлайн чат, ярилцлага хийдэг хамгийн дажгүй бөгөөд үнэгүй програм юм. VoIP/VoIM ашигладаг бөгөөд секундэд 30 дүрс дамжуулах хэмжээнд хүртэл ажиллаж чадна. Мэдээж дүрс, дуу, текст чат бүгд орно. 30 fps дэмждэг вэб камер, өргөн зурвасын холболт хэрэгтэй.
Skype
www.skype.com
Skype-г мэдэхгүй хүн дэлхий дээр цөөхөн биз дээ. Тэрээр PC-ээс PC руу VoIP дуудлага хийдэг хамгийн алдартай програм шүү дээ. Зөвхөн энэ програм дээр дулдуйдан амьдардаг бүхэл бүтэн арми энэ дэлхий дээр амьдарч байна. Ганц PC гэлтгүй гар утас, бусад зөөврийн хэрэгслүүд рүү шууд холбогдож чадна. 3.0-аасаа хувилбараасаа эхлэн жирийн утасны дугаар руу дуудлага хийж чадах болсон байна.
SurfSpeed
go.pcmag.com/surfspeed
Интернэт холболтынхоо хурдыг мэдэх нь хэнд ч гэсэн хэрэгтэй зүйл. Тэр тусмаа мөнгө төлж интернэтэд холбогддог хүмүүс өөрийнхөө хурдыг байнга хянах хэрэгцээ байдаг нь ойлгомжтой. Тэгвэл энэ хэрэгцээг чинь SurfSpeed сайхан хангах болно. Тэрээр өөрийн сервер рүүгээ сигнал илгээх бөгөөд хариу нь хэр удаж ирж байгаагаас хамааруулан хурдыг гаргаж ирнэ.
Ямар ч тохиолдолд ISP (интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага) амласан хурдандаа хүрч чаддаггүй нь харамсалтай. Гэхдээ ядаж хэдэн хувьтай холбогдож байгааг харах хэрэгтэй шүү дээ. (Сэтгүүлээс сайшаав.)
UltraVNC
www.ultravnc.com
Гэрээсээ ажлын компьютер руугаа хандах хамгийн хялбар зам бол Log¬MeIn Free гэдгийг бид мэднэ. Тэгвэл арай илүү мэргэжлийн төвшинд ажиллахыг хүсвэл Ultra VNC таны мэдэлд. Тэрээр файл дамжуулах, алсын компьютерийг удирдах, дэлгэцийг нь харах зэрэг сонирхолтой үйлдлүүдийг хийж чадна. Хамгийн гол нь тэрээр өөрийн VNC (Virtual Network Computing) протокол ашигладаг.
ЗУГАА ба ТОГЛООМ
Banshee Screamer Alarm
tucows.mundofree.com/winnt/preview/156803.html
Сэрүүлэгтэй цагтай холбоотой бүхий л сонирхолтой үйлдлүүдийг тэрээр хийж чадна. Түүнд хэд хэдэн сэрүүлэг хийгээд орхичих. Цаг нь болохоор тэр таны тохируулсны дагуу дуу гаргах, муухай орилох, ямар нэгэн програм ажиллуулах, дэлгэцийг харанхуй болгох эсвэл компьютерийг чинь шууд унтрааж орхих болно. Чухал ажил, уулзалтаа мартчихдаг хүмүүс заавал суулгах програм байгаа биз.
BZFlag
www.bzflag.org
Энэ бол 3-н хэмжээст танкаар байлддаг олон тоглогчийн тоглоом юм. Гол нь тэрээр нээлттэй бүхий төсөл юм. Дэлхийн хүмүүс түүнийг сая саяар нь татдаг. Энэ тоглоом Irix, Linux, BSD, Microsoft Windows, Mac OS X, Solaris болон бусад үйлдлийн системүүд дээр ажиллана. Танкаа жолоодонгоо дайснаа унагах нь энэ тоглоомын гол зорилго. Гэхдээ өрсөлдөгчийнхөө тугийг өөрийн байранд авчрахгүй бол ямар ч нэмэргүй шүү.
Cartes du Ciel
www.stargazing.net/astropc
Энэ програм нь одон орон сонирхдог болон энгийн хүмүүст ч гэсэн сонирхолтой байж мэдэх юм. Өдөр болгон та бидэнд ямар од гариг, одны орд харагдах боломжтой вэ гэдгийг хэлж өгнө. Дэлхийн аль ч цэг дээрээс шөнийн тэнгэрийг харж болох бөгөөд та дуртай он сар өдрөө оруулж болно. Ингэснээр яг тухайн агшинд ямар од, гариг эрхэс харагдах боломжтой болохыг тооцоолно гэсэн үг. Энгийн хэрэглээнд бол хангалттай гоё үр дүн үзүүлдэг юм шүү.
ConWare IconAr
www.conware.org
Энэхүү мундаг багажийг ашиглаад Icon болон Курсор үүсгэх боломжтой. Үзэг, будгийн нийлүүр, шүршигч, бийр ашиглаад л дүрсээ зурна. Бас мэдээж бэлэн зураг оруулж ирж болно шүү дээ.
Freeciv
www.freeciv.org
Энэхүү олон тоглогчийн тоглоом нь бас л дажгүй сайхан таашаалыг авахаар бүтээгджээ. Та өөрийн улсын толгойлогч болох бөгөөд аль болох хурднаар шинжлэх ухааны мэдлэгээ ашиглан сансрын хөлөг бүтээх ёстой. Бүтээсэн хөлгөө Alpha Centauri гариг руу илгээнэ. Таны өрсөлдөгч танаас өрсвөл та ялагдаж байгаа нь тэр.
Google Earth 4 Beta
earth.google.com
Бүх дэлхийг юутай хээтэй нь гартаа оруулж хүссэнээрээ эргүүлж тойруулж харахыг хүсэж байвал бушуухан шиг Google Earth хэмээх алдарт програмыг суулгаарай. Тэрээр дэлхийн аль ч цэгийг маш өндөр нарийвчлалтайгаар харах боломжийг олгох бөгөөд дэлхийн хаана ч очиж болно. Манай Улаанбаатар хот тэр чигээрээ маш сайхан харагдаж байна лээ. Харин танд дажгүй хурдтай интернэт холболт шаардагдана гэдгийг анхаараарай.
Nexuiz
www.nexuiz.com
Нэгдүгээр биеийн буудагч энэхүү тоглоом нь Linux, Mac, Windows зэрэг үйлдлийн системүүд дээр ажиллах бөгөөд хоорондоо байлдаж тоглодог юм байна. Хамгийн гол нь тэрээр техник хангамж голдоггүй бөгөөд дажгүй аятайхан графиктай. 15 янзын загвар хүнээс сонгоод л эцэс төгсгөлгүй тулаанд орно. Алдаа бай, алаад бай..
Tux Racer
tuxracer.sourceforge.net
Энэ бол алдарт пингвин буюу Оцон шувууны аялал бүхий тоглоом билээ. Яагаав, замаар явж байгаа оцон шувууг туг, саад мөргөхөөс сэргийлэн жолооддог тоглоом.. Энэ бол ажлын зав чөлөөгөөрөө тоглоход дажгүй л тоглоом. Бас балчир хүүхдүүд их сонирхон тоглох нь бий. Цас, мөс зэрэг саад бэрхшээлийг амжилттай давсаар хайрт дээрээ очих пингвин нь Linux-ийн пингвинтэй их төстэй.
ZSNES
www.zsnes.com
Super Nintendo-ийн emulator юм. Өөрөөр хэлбэл компьютер дээр Spuer Nintendo ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Та Windows, Linux, FreeBSD, DOS болон бусад үйлдлийн систем дээр Super Nintendo-ийн тоглоомуудыг тоглох боломжтой болно гэсэн үг. Тэрээр яг л жинхэнэ Nintendo ажиллаж байгаа мэт орчинг бүрдүүлэх ажээ. Дуу, график, удирдлага, хэрэглээ гээд л. Хамгийн гол нь Net. Ашиглаад сүлжээгээр хоёр тоглогч зэрэг тоглох боломжтой. Бас график картын боломжуудыг ашиглаж чаддаг болохоор зарим тоглоомууд нь консолиосоо ч илүү гоё харагдах ажээ.
ҮНЭГҮЙ ПРОГРАМУУДЫН ТУХАЙ ГАНЦ НЭГ ҮГ
Компьютер Таймс сэтгүүлээс анхааруулах нь..
Үнэгүй юм гэж энэ хорвоо дээр нэг ч байхгүй гэж үг байдаг даа. Тэгвэл үүнийг компьютер хэрэглэгч та ямагт санаж байгтун. Үнэгүй програм татах нь та өөрийгөө төрөл бүрийн эрсдэлд оруулах хамгийн аюултай алхам юм. Эдгээр програмууд нь Trojan horse буюу нууц коднуудыг өөртөө агуулж байх нь элбэг. Зөвхөн энэ алхамтай тэмцэх зориулалттай Webroot Spy Sweeper хэмээх програм байдаг. Ер нь баталгаагүй програмын цаана юу ч ажиллаж байж мэднэ. Та болон таны компьютер будаа боллоо гэхэд хэн ч хариуцлага хүлээхгүй. Яагаад гэвэл програмыг анх ашиглах үедээ л та үүнийг зөвшөөрөөд гэрээг нь хүлээн зөвшөөрчихсөн байдаг.
Харамсалтай нь иймэрхүү нууц коднуудыг ихэнх вирусийн болон Spy¬ware-ийн эсрэг програмууд илрүүлж чаддаггүй. Яагаад гэвэл уг програм жирийн өөрийн үйлдлээ хийж байна уу эсвэл нууц үйлдэл хийж байгаа юу гэдгийг ялгаж салгах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр үндсэндээ таны үйлдлийн системийн цаана том том экскаваторууд ажиллаж таны бүхий л мэдээллийг онгичиж байх магадлалтай, магадлалтай ч гэж дээ, тийм гээд ойлгоход бараг л буруудахгүй. Гэхдээ бүгд биш л дээ.
Тэгэхээр үүнээс зайлсхийх хэд хэдэн алхам бий. Юуны өмнө Spyware-ийн эсрэг сайн програм олж суулгах хэрэгтэй. Webroot бол хамгийн шилдэг төлөөлөгч билээ. Дараа нь найдвартай сайтуудаас үнэгүй програмыг татах хэрэгтэй. Яагаад гэвэл уг сайтууд таны өмнөөс хариуцлагыг хүлээн уг програмыг бүрэн шинжсэн байдаг. Бас зөвхөн итгэлтэй сэтгүүл, нэвтрүүлгийн зөвлөсөн програмуудыг хэрэглэх нь зүйтэй. Компьютер Таймс танд иймэрхүү алдаатай програм, багажуудыг хэзээ ч санал болгохгүй.
Нэртэй төртэй, он удаан жил болсон, хэрэглэгчид ихээр хэрэглэдэг програмууд ихэнхдээ л хулгайч биш байдаг. Ер нь олон жилийн туршлагатай хүн сэжигтэй програмыг хальт хараад л танина. Жаахан дэгсдүүлэхэд туршлагатай хүн компьютерийнхаа дууг чагнаад л програм ачаалагдаж байгаа эсэх, хэн нэгэн мэдээлэл зөөгөөд байгаа эсэхийг мэдэж чадах болно.
Тэгэхээр та компьютерийн өндөр мэдлэггүй бол үнэтэй үнэгүй янз бүрийн програм энд тэндээс олж суулгах огт хэрэггүй гэдгийг л анхаараад авчих. Энэ зааврыг л мөрдөхөд та элдэв аюулд өртөхгүй байж болно.
ҮНЭГҮЙ ПРОГРАМ ХИЙДЭГ ХҮНТЭЙ УУЛЗАЯ
Хөгжүүлэгч: Bharat Mediratta
Нээлттэй эхтэй програм: Gallery
Вэб хаяг: gallery.menalto.com
Салбар: Фото засвар, менежмент
Мэргэжил: Компьютерийн шинжлэх ухааны эрдэмтэн ба програм хангамжийн инженер
Үндсэн ажил: Google-ийн програмын инженер
Асуулт: Gallery-г хийх санаа хэрхэн төрсөн бэ?
Хариулт: Юуны өмнө 2000 онд би өөрийн фотонуудыг янзлах үүднээс жижигхэн програм зохиосон. Миний эхнэр аялалд явсан байсан бөгөөд над руу өөрийн зургийг багц багцаар нь илгээдэг байсан юм. Тэр олон зургийг төрөл бүрийн хавтаснуудад хийдэг байсан боловч түүнийг яг тэр хэвээр нь вэб дээрээ тавихад асуудал үүсэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл дахиад тэр олон хавтсыг гараараа үүсгээд л түүн рүүгээ зургуудаа толгой дараалан хуулах шаардлагатай байсан юм. Гэвч энэ бол бүтэшгүй ажил байсан юм. Ингээд л жижиг Script буюу код бичсэн дээ.
Энэ кодыг би хэн нэгэнд хэрэг болно гэж огт бодоогүй. Тэгээд ч тэр үедээ нэг их тоогоогүй л дээ. Гэтэл сонирхолтой нь миний найз надаас яг ийм код эсвэл програм байдаг эсэхийг асуусан юм. Би кодоо Source¬Forge дээр тавьчихсан. SourceForge бол үнэгүй коднууд байдаг гол үндсэн сайт шүү дээ. Гэтэл тэр дороо л надад үй түмэн хамтрагчид гарч ирсэн нь үнэхээр гайхал төрүүлсэн шүү. Тэд ч өөрсдөө янз бүрийн нэмэлтүүдийг надаас үл хамааран хийж эхэлсэн юм. Ингээд болхидуу код маань фронт бүрээр хүчирхэг болж эхэлсэн. Тухайлбал төрөл бүрийн дижитал аппаратуудтай хамтран ажиллах, онлайн фото үйлчилгээ зэргийг үзүүлж чадах болсон.
Асуулт: Хөгжүүлэх процесс хэрхэн өрнөсөн бэ?
Хариулт: Манай үндсэн хөгжүүлэгч баг 7-8 хүн л байдаг. Яг үнэндээ үүнээс олон хүн нэг их хэрэггүй гэж би боддог. Хэт олон хүн хий дэмий бужигналдахаас өөр зүйлгүй байх шиг. Харин сайтар гар нийлсэн 7-8 хүн байхад хангалттай юм. Гэхдээ фото цуглуулах, ISP-тэй ажиллах гэх мэт туслах ажлуудад янз бүрийн хүмүүс бий л дээ. Бас орчуулга дээр маш олон хүн нэмэлтээр ажилладаг. Тэгэхээр яг идэвхтэй ажилладаг хүмүүс бол 20 гаруй л юм байна даа. Бид програм хангамжийг хэрхэн хөгжүүлэх ёстой яг тэр замаар явдаг. Миний бодлоо үнэхээр сайхан гар нийлсэн баг бүрдсэн гэж боддог. Жижиг гэлтгүй бүх кодыг сайтар туршиж шалгалтыг давсан тохиолдолд гол програмдаа нэгтгэдэг юм. Бидний ажил сайн дурын юм шиг боловч үнэндээ маш нарийн зохион байгуулалттай өрнөдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байх л даа.
Асуулт: Яагаад заавал нээлттэй эх гэж?
Хариулт: Би анхнаасаа л энэ програм, кодноосоо мөнгө олно гэж бодоогүй байсан. Энэ бол кодоо нээлттэй болгох үндсэн шалтгаан. Бас би өөрөө бусдын хийсэн үнэгүй, нээлттэй эх бүхий програмуудыг ихээхэн ашигладаг юм. Гэхдээ хамгийн гол нь миний хийсэн бүтээлийг дэлхий даяар сая сая хүн хэрэглэж байгаа нь надад юугаар ч хэлэхийн аргагүй таашаал, мэдрэмжийг өгдөг юм даа. Өөрөөр хэлбэл надад сая сая хэрэглэгч, холбоотой хүмүүс байна. Энэ бол миний хамгийн том баялаг биш гэж үү. Манай төслийг мөнгөөр худалдан авъя гэсэн саналууд зөндөө л ирдэг. Гэвч би энэ бүхнийг тийм ч амархан арилжихгүй гэж боддог. Гэхдээ сонирхолтой нь бидэнд боломжийн мөнгөн тусламж, ивээн тэтгэгч нар олддог юм. Тэгэхээр бидэнд санхүүгийн хувьд айвхтар саад тулгардаггүй юм даа.
Асуулт: SourceForge ер нь ямар үүрэгтэй юм бэ?
Хариулт: SourceForge байгаагүй бол энэ бүхэн байхгүй байсан гэдэг нь хамгийн тодорхой зүйл. Түүний хамгийн гол давуу тал бол нэгэнт бүхэнд ил болсон брэнд нэр нь юм. Бас түүн дээр төслөө тавьчихсан байхад маш богино хугацаанд олон хүнд шууд хүрдэг. Gallery 2 бол их том багц шүү дээ. Тэгэхэд л өдөр болгон хэдэн зуун мянган хүн хандаж байдаг юм. SourceForge нь бидэнд хамтран ажиллах бүхий л шаардлагатай цагийн хуваарь, файлын сан, хэлэлцүүлэг, эх код, мэйлийн лист зэргээр хангаж байдаг нь үнэхээр олзуурхууштай. SourceForge бол харагдаж байгаагаасаа ч илүү сайн сайт гэж эргэлзэхгүйгээр хэлнэ.
SOURCEFORGE.NET: НЭЭЛТТЭЙ ЭХИЙН ИНКУБАТОР
Ер нь програм хангамжийг хөгжүүлнэ гэдэг нь олон сар жилийн уйгагүй хөдөлмөрөөр бүтдэг нарийн ярвигтай, инженерчлэлийн ажил байдаг. Тэгвэл үнэгүй бөгөөд нээлттэй эх бүхий коднуудыг хамтран хөгжүүлнэ гэдэг нь бүр ч ярвигтай. SourceForge.net бол энэ үйл ажиллагаанд анхнаасаа зориулагдан хийгдсэн сайт билээ. Түүнийг VA Software's Open Source Technology Group (OSTG) ажиллуулдаг юм байна. SourceForge дээр яг одоо хамгийн багадаа л 137 000 нээлттэй эх бүхий төслүүд идэвхтэй ажиллаж байна. Тоглоом, байгууллагын, мультимедиа, систем гэх зэрэг бараг бүхий л ангиллын систем, програм хангамжууд түүнд бий. Та эдгээр олон төслүүдээс дуртайгаа татан авч ажиллуулж, хүсвэл хөгжүүлэлтэд нь оролцож болох юм.
"Бид шинэ төсөл нээгдэх үед тухайн төсөл нь хэн нэгний оюуны өмчийн хулгай биш байгаа гэдгийг шалгаж нягтлахыг оролддог юм. Гэхдээ ийм тохиолдол их цөөхөн гардаг л даа. Бид хэрэглэгчдэдээ төслийг удирдах айхавтар нарийн багаж хэрэгсэл нэг их санал болгодоггүй боловч хүмүүс манайхыг л сонгодог юм." гэж сайтын удирдлага хэлж байна.
SourceForge нь тухайн төсөлд шаардлагатай сул зай, кодыг удирдах системээр хангаж өгнө. Түүнчлэн мэйлийн лист, хэлэлцүүлэг, алдаа согогийг илрүүлэх сонирхолтой багажууд бий. Энэ бүхнийг л ашиглаж байж сая сайн програм бүтнэ шүү дээ. Бас төрөл бүрийн статистикаар хангадаг нь хөгжүүлэгчдэд том тус болдог нь эргэлзээгүй.
Ер нь дундаж төсөл 2-3 хөгжүүлэгчтэй байдаг юм байна. Үүнээс жаахан л томорвол хамаагүй олон хүн ажиллаад эхэлдэг. Манай энэхүү нийтлэлд эдгээр төслүүдээс нилээд олон нь дурдагдсан шүү дээ. Тухайлбал Audacity, FileZilla, Gaim..
ХҮМҮҮСИЙН ХАМГИЙН ДУРТАЙ ҮНЭГҮЙ ПРОГРАМУУД
Одоо бүгдээрээ дэлхийн туршлагатай хэрэглэгчид компьютер дээрээ аль аль програмуудыг сонгож суулгасан байгааг сонирхоцгооё.
Kevin Rose
Digg-ыг санаачлагч
  • АVG Anti-Virus
Antivirus app
  • Eraser
Data removal tool
  • Firefox
Вэб хөтөч
  • GIMPShop
Зураг засварлагч
  • Picasa
Фото менежмент
  • SmartFTP
FTP програм
  • Thunderbird
Имэйл програм
John C. Dvorak
PC Magazine-ын туслах редактор
  • Atomic Clock Sync
Цаг тааруулагч
  • Drupal
Вэб агуулгын менежмент
  • Firefox
Вэб хөтөч
  • IrfanView
Зураг харагч
  • Joomla
Вэб агуулгын менежмент
  • Thunderbird
Имэйл програм
  • VLC Media Player
Медиа тоглуулагч
  • WordPress
Блогийн програм
Robyn Peterson
PCMag.com-ын гүйцэтгэх захирал
  • iDupe
iTunes-ын файл менежер
  • LaCie's SilverKeeper
Нөөцлөх багаж
  • MacTheRipper
DVD задлагч
  • Quicksilver
Програм эхлүүлэгч
  • Senuti
iPod файл менежер
{mospagebreak}
Jim Louderback
PC Magazine-ын эрхлэгч
  • Audacity
Аудио засварлагч
  • DBpowerAmp
Аудио багаж
  • FileZilla
FTP програм
  • GIMP
Зураг засварлагч
  • IrfanView
Зураг үзэгч
  • VLC Media Player
Медиа тоглуулагч
Patrick
ExtremeTech.com-ын эрхлэгч
  • Audacity
Аудио редактор
  • Firefox
Вэб хөтөч
  • Foxit Reader
PDF харагч
  • Golf?
3D гольфын симулятор
  • LAME
MP3 кодлогч
  • Opera Mini
Гар утасны вэб хөтөч
  • RazorLame
Хэрэглэгчийн интерфэйс
  • VLC Media Player
Медиа тоглуулагч
Rob Malda
(aka CmdrTaco)
Slashdot-ын захирал
  • memcached
Санах ой удирдах
  • SpamAssassin
Имэйлийн филтер
  • VLC Media Player
Медиа тоглуулагч
  • XBMC (Xbox Media Center)
www.kt.mn

No comments:

Post a Comment